Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг:    “Бидний хүрээлэлд өндөр ур чадвартай багийн гишүүд байгаа нь төгс ажлын байрыг бий болгодог”

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг:

"Бидний хүрээлэлд өндөр ур чадвартай багийн гишүүд байгаа нь төгс ажлын байрыг бий болгодог"

Жижиглэн худалдаа нь бидний өдөр тутмын амьдралын энгийн нэг салшгүй хэсэг билээ. Бид өдөр тутамдаа хэрэглэгдэх нэн хэрэгцээт зүйлсээ өөрт хамгийн ойр байх дэлгүүрээс худалдаж авдаг. Жижиглэн худалдааны салбар хурдацтай цэцэглэсэн улс орнуудад эдийн засаг болон нийгмийн соёл эрс хөгжсөн байдаг байна.

Жижиглэн худалдааны салбарт ажиллах сонирхолтой залуустаа зориулан тухайн салбарын ажлын байрны онцлог, нээлттэй боломжуудын талаар мэдээлэл хүргэх үүднээс Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн удирдлагуудтай цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна.

Ингээд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулъя.

  • Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын эхний асуулт мэдээж та яагаад жижиглэн худалдааны салбарыг сонгож карьераа эхлүүлэх болсон бэ? гэдэг асуултаар эхлэе гэж бодлоо.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Анх Япон улсад томилолтоор явж байхдаа нэгэн сонирхолтой дэлгүүрээр үйлчлүүлж байсан юм. Тухайн улсын хувьд амьдралын хэв маяг, хүн амын тоо, зан харилцаа, соёл гээд бүх зүйлс нь бусдын төлөө гэсэн хандлагатай байдаг. Миний үйлчлүүлсэн тэр дэлгүүр хүний цагийг хэмнэсэн, хэрэгцээтэй бүх зүйлсийг нэг дор шийдэж өгсөн, чанартай бараа бүтээгдэхүүнтэй, амьдралын завгүй хэмнэлийг амар хялбар болгож өгч чадсан дэлгүүр байсан.

Манай нийгмийн хувьд өнөөгийн амьдралын хэмнэл бухимдалтай, түгжрэлтэй, маш завгүй болж байгаа бөгөөд дийлэнх хүмүүс мөнгө хэмнэхээс илүү цаг хэмнэх хүсэлтэй болж цаг хугацааг илүү үнэлдэг болсон. Бид ажлаа тараад гэр бүлдээ илүү цаг заваа зориулах, хувь хүн өөртөө цаг гаргах хүсэлтэй болсонтой холбоотойгоор цагаа хэмнэх үүднээс хоол хүнс, нэн хэрэгцээт зүйлсээ өөртөө ойр газраас аль болох бага хугацаа зарцуулан цуглуулахыг боддог. Тийм ч учраас эерэг соёлын хөгжил өнөөгийн манай нийгэмд дутагдаж байгааг олж хараад хэрэглэгчийн бүх хэрэгцээг нэг дор хангаж, хүний амьдралын завгүй хэмнэлийг хялбарчилж, конвиниенс дэлгүүрийг эх орондоо нээх хүсэл эрмэлзэл төрсөн юм.

Мөн өөр нэг шалтгаан гэвэл өнөөдрийн байдлаар хүний амьдралд гар утас, интернет, компьютерийн шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Би өөрөө IT чиглэлийн мэргэжилтэй хүн болохоор жижиглэн худалдааны үр ашигтай байдлыг бодолцож хэрэглэгчдэд илүү таалагддаг үйлчилгээ өгөх боломжийг технологи бий болгон өгч, хэрэглэгчийн мэдрэмж хэрэгцээн дээр үндэслэн IT-ийн дэвшил орж ирснээр, хэрэглэгч үйлчлүүлэгчийн хүсэж буй үйлчилгээг өгч чадна хэмээн харж анх энэ салбарт орж байсан юм.

  • Конвиниенс дэлгүүрийн онцлог юу вэ? Тэр дундаа Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн зорилго юу вэ?

Конвиниенс дэлгүүр нь цагийг хэмнэх шийдлийг тасралтгүй эрэлхийлдэг. Том хэмжээний сүлжээ дэлгүүр 4000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, арвин сонголт хийх боломжийг олгодог боловч нэгдсэн үйлчилгээний стандарт байдаггүй. Харин Convenience дэлгүүр бол жижиг хирнээ нэн хэрэгцээтэй цөөн тооны бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нэг стандартаар нэгэн жигд үйл ажиллагаагаа явуулж чаддагаараа онцлог юм.

Манай компанийн хувьд үйлчлүүлэгч бүртээ алхам тутамдаа эерэг соёлыг түгээхийг зорьдог. CU-ийн аль ч салбарт үйлчлүүлэгч орж ирээд хүндлэл хүлээдэг. Бид үйлчлүүлэгчээ халуун дулаанаар угтан авч, стандартын шаардлага хангасан, шинэхэн бэлтгэсэн халуун хоол ундаар үйлчилгээ үзүүлж сэтгэл ханамжийг үргэлж дээдэлдэг. Энэ нь өнөөгийн нийгэмд шинэ соёлыг түгээж, хүргэж чадаж байгаа гэж харж байна.

  • Таны бодлоор энэ салбарын хөгжилд ямар ур чадвартай хүмүүс хэрэгтэй байдаг вэ? Мөн та ажилтнуудаа хэрхэн удирддаг вэ?

Жижиглэн худалдааны зах зээл бол хэн ч орж болохуйц төгс өрсөлдөөнтэй зах зээл учраас байнга нэг арга барил ашиглан хүмүүсээ удирдах боломжгүй гэж боддог. Миний  хувьд ямагт өөрчлөлтийг хийж, удирдах арга барилаа сайжруулах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр яг энэ зах зээл дээр ажиллаж байгаа ажилтнуудын хувьд тасралтгүй сурч хөгжих хүсэл тэмүүлэл эрмэлзэлтэй байх зайлшгүй шаарлагатай. Ур чадварын хувьд үйлчлүүлэгчээ сонсож чаддаг, хэрэгцээг нь олж хардаг, асуудлыг шийдвэрлэж чаддаг хүмүүс энэ салбарт амжилттай ажиллах боломжтой. Гол нь хандлага, харилцаа маш чухал үүрэгтэй. Тасралтгүй хөгжиж, өсөн дэвших эрмэлзэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн энэ салбарт амжилттай ажиллаж чадна гэж боддог юм. Үүнээс гадна бид баг хамт олноороо ажиллаж багийн харилцааг бий болгон түүгээрээ хувь хүний хандлага, зан төлөв, сэтгэл зүйн зөв боловсролыг эзэмшүүлэн нийгэмд эерэг соёлыг түгээхийг эрмэлзэж ажилладаг. CU-д ажиллаж байх хугацаандаа ажилтнууд маань өөрийнхөө шилдэг хувилбарыг нээн хөгжүүлж, ажлын байран дээрээ урам зоригтой, оролцоо өндөртэй ажиллахад бид дэмжлэг үзүүлж ажилладаг.

  • Та CU-г ирээдүйд хэрхэн харж байна вэ?

Сүүлийн арван жилийн хугацаанд жижиглэн худалдааны салбарт томоохон өөрчлөлтүүд нилээдгүй гарсан. Энэ нь цаашид улам илүү хөгжиж техник технологийн шийдлүүд түлхүү хэрэглэгдэх болно гэсэн үг юм. Магадгүй бид ирээдүйд цоо шинэ үйлчилгээ авдаг болж хүн бүрийн сайшаалыг хүртсэн, цаг хугацааг илүү хэмнэсэн, хэрэгцээт зүйлсийг бүрэн багтаасан гар утасны аппликейшн хэрэглэдэг болохыг үгүйсгэхгүй.

Харин ажилтнуудын хувьд жижиглэн худалдааны салбарын цаашдын хөгжил чиг хандлагыг дагаад үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойртож ажиллах шаардлагатай болж байгаа.

Бид анхны салбараа нээснээс хойш 2 жилийг үдэж байна. Энэ хугацаанд алдаа оноотой бүхий л зүйлд бид хамт олноороо нэгдэж даван туулж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй ажилтнуудтай өнөр өтгөн хамт олон болж хурдацтай хөгжиж байгаа энэхүү байгууллагад бүгд нэгэн зорилгын төлөө хамтдаа хичээн урагшилж байна.

Бидний хүрээлэлд өндөр ур чадвартай багийн гишүүд байгаа нь төгс ажлын байрыг бий болгодог.

Ажиллахад урам зоригтой газар хүн өөрийгөө нээн илрүүлж хөгжүүлж чаддаг. Байгууллагын эерэг соёлоор бид хувь хүний хандлагыг өөрчилж ирээдүйд Монгол улсын эдийн засагт томоохон өөрчлөлт хийн, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж би боддог юм.