“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК (МХБ: CUMN) CU дэлгүүрийн 300 дахь салбараа Хан-Уул дүүргийн Гэрлүг Виста хотхонд нээлээ. 5 жилийн өмнө Монголын зах зээлд найрсаг, хурдтай ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой нээгдсэн CU брэнд маш хурдацтай өсөж, сүүлийн гурван жил дараалан борлуулалтаа хоёр дахин өсгөөд байна. Конвиниенс дэлгүүрийн зах зээлийн 70%-ийг бүрдүүлж буй тус компани цаашид үйл ажиллагаагаа орон нутаг руу тэлэхээр зорьж байгаа бөгөөд энэ зорилгын хүрээнд Монгол Улсын хоёр дахь том хот болох Дархан хотод 3 салбарыг нээгээд байгаа юм.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь CU брэндийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны мастер франчайз эрх эзэмшигч бөгөөд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Компани өнөөдөр 10,100 орчим хувьцаа эзэмшигч, 2,800 орчим ажилтан, НАССР сертификатаар баталгаажсан хоолны үйлдвэр, хагас автоматажсан түгээлтийн төв бүхий үндэсний тэргүүлэх компаниудын нэг болоод байна.
Нээлтийн арга хэмжээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга А.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн А.Ганболд, Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, ТУЗ-ийн хараат бус гишүүн Гари Стэфэн Биондо болон БНСУ-ын BGF Retail компанийн Гадаад бизнес, мерчандайзинг хариуцсан Гүйцэтгэх захирал Чан Ён Чул болон Гадаад бизнесийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Ким Тэ Хан нар оролцож ёслолын тууз хайчлан, хүндэтгэлийн самбарыг заллаа.
300 дахь салбарын албан ёсны нээлтийн арга хэмжээний үеэр компани нэгэн онцгой хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарласан нь хувийн бизнестэй болох хүсэлтэй иргэд болон бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Франчайз хөтөлбөр байлаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу CU сүлжээ дэлгүүрүүдээс борлуулалт нь тогтворжиж, хэрэглэгчид танигдсан байршлуудыг сонгон авч өөрийн бизнес болгон авах боломжтой боллоо.