Skip links

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд CU брэндийн конвиниенс дэлгүүрийг франчайз эрхээр эзэмших боломжийг олгож байна

CU брэндийн конвиниенс дэлгүүрийг Монголын зах зээлд 2018 оны 8 сард танилцуулснаас хойш найрсаг, хурдтай, 24 цагийн үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчиддээ танигдаж, өдгөө Монголын конвиниенс дэлгүүрийн салбарт тэргүүлэгч брэнд болоод буй билээ.

Тэгвэл тус брэндийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК нь өнөөдрөөс “CU франчайзинг хөтөлбөр”-өө нээлттэй зарлажээ.

CU франчайз хөтөлбөрийн талаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой ярилцлаа.

– CU брэнд Монголд нэвтэрснээс хойш жил гаруйхан хугацаа өнгөрсөн ч хүн бүр мэддэг болжээ. СU брэндийн конвиниенс дэлгүүрийг Монголд нээх болсон шалтгаан нь юу вэ?

– Бид хоёр үндсэн шалтгаанаар CU брэндийн конвиниенс дэлгүүрийг Монголд нээн ажиллуулахаар шийдсэн.

Нэгдүгээрт, Монгол хүн бүхэн чөлөөтэй бизнес эрхэлж, богино хугацаанд илүү ихийг хийж бүтээх туйлын их хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Хүн бүр цагийг үр дүнтэй ашиглаж, ихийг хийж бүтээснээр улс орны эдийн засаг хөгжиж бид бүхэн илүү сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.

Ингэхийн тулд бидэнд цаг хугацааг хэмнэх, илүү ихийг бүтээхэд дэмжлэг үзүүлэх олон төрлийн үйлчилгээ шаардлагатай байна. Монголд хөдөлгөөнт холбоо, интернэт хурдтай хөгжсөнөөр бид илүү бүтээлч болж байгаа хэдий ч хүн бүрийн өдөр тутмын хэрэглээг ойртуулж хангах, цагийг хэмнэх үүрэгтэй манай улсад байгаа жижиглэнгийн худалдаа, жижиг дэлгүүрүүдийн маань хөгжил дэлхийн жишгээр аль 1970 ондоо зогсчихсон байдалтай байсан.

Хамгийн сүүлчийн үеийн гар утас, технологиор харилцаж ажлаа бүтээчхээд хоол идэх эсвэл ойр зуурын хэрэглээгээ ажил, гэрийнхээ хажуугаас худалдаж авах болохоороо 50 жилийн өмнө амьдарч байгаа хүн шиг цагаа дэмий үрдэг байдал үнэхээр сонин дүр зураг санагдсан.

CU дэлгүүр өнөөдөр өдөрт 30 гаруй мянган хэрэглэгчдэд хүрч үйлчилж байна

Улаанбаатар хот Монголын эдийн засаг, бизнесийн цорын ганц төв нь. Энэ хот хүний цагийг хэмнэж, илүү бүтээмжтэй байх нөхцөлийг бий болгох үүрэгтэй. Бодлогын хувьд хот нь дээрх нөхцлийг бүрдүүлэх бизнесийн орчныг  бий болгох, харин бизнесүүд нь уг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зарчмаар дэлхийн бусад том хотууд ажилладаг.

Энэ ч зарчмаар бид Улаанбаатар хотод дэлхийн жишигт нийцэх чанартай үйлчилгээтэй конвиниенс дэлгүүрийн сүлжээ байгуулахад хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзсэн.

Өнөөдөр бид Улаанбаатарт 55 салбар дэлгүүрээр өдөрт 30 гаруй мянган хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа ба хүний цагийг хэмнэж, сэтгэл ханамжийг үргэлж өндөр байлгах дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. Дараагийн 3 жилийн хугацаанд бид 300 гаруй салбар дэлгүүрийг байгуулснаар нэг өдөрт 180 мянган хүний цагийг хэмнэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэх мөн эерэг, эелдэг харилцааг түгээх үйлчилгээний чухал дэд бүтэц болно гэсэн төлөвлөгөөтэй байна.

“CU” конвиниенс дэлгүүрийн брэндийг эзэмшигч, БНСУ –ын BGF Retail компани нь 30 жилийн түүхтэй, олон улсад нийт 15 мянга орчим салбар дэлгүүртэй, дэлхийн конвиниенс дэлгүүрийн салбартаа тэргүүлэгчдийн нэг.

Хоёрдугаарт, “CU” конвиниенс дэлгүүрийн брэндийг эзэмшигч, БНСУ –ын BGF Retail компани нь 30 жилийн түүхтэй, олон улсад нийт 15 мянга орчим салбар дэлгүүртэй, дэлхийн конвиниенс дэлгүүрийн салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Энэ компанитай бид түншилснээр Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг БНСУ болон бусад орнуудад байгаа 15,000 гаруй CU конвиниенс дэлгүүрээр борлуулах боломж үүсэж байгаа юм. Энэ нь бид Монголын үйлдвэрлэгчдийн экспортын боломжийг шууд нэмэгдүүлж чадлаа гэсэн үг.

– Та бүхэн өнөөдөр СU франчайзинг хөтөлбөрөө зарлаж байгаа юм байна. Франчайзингийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь юу вэ?

– Улс орны эдийн засагт жижиг дунд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг. Жижиг дунд бизнесүүд нь хөгжөөгүй улсад амжилттай ажилладаг том корпораци, том бизнес гэж байхгүй. Учир нь ямар ч бизнес дангаараа бүгдийг хийх боломжгүй байдаг. Монголын өнөөдрийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх мэдлэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь бидний өнөөдөр хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг гэж бид боддог.

Иймд бид франчайз хөтөлбөрөөрөө дамжуулан 300 жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэлхийн жижиглэнгийн худалдааны шилдэг нөүхау, туршлагыг түгээхийг зорьж байна. Эдгээр 300 жижиг дунд бизнес эрхлэгчид нь ойролцоогоор 3,000 тогтвортой ажлын байрыг үүсгэх бөгөөд тэдгээр 3,000 ажил эрхлэгчдээс магадгүй түүний гэр бүл, үр хүүхэд гээд 9,000 хүний аж амьдрал хамаарч байна.

Ингээд бодох юм бол бид франчайз хөтөлбөр хэрэгжүүлснээр 300 жижиг дунд бизнесийг дэлхийн хэмжээнд сургах бэлтгэх, нөгөө талаас 9,000 хүний аж амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэх юм.

“CU” -ийн салбар дэлгүүр бүр нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тухайн эргэн тойронд ажилладаг, амьдардаг хүмүүсийнхээ амьдралын хэв маяг, хэрэгцээ, хүсэлтэд бүрэн нийцсэн байх ёстой. Ингэж нийцүүлэхийн тулд тухайн дэлгүүрийг тогтвортой, олон жилийн хугацаанд удирдан ажиллуулах дэлгүүрийн “эзэн” буюу бизнесийн хамтрагч бидэнд хэрэгтэй байна.

Энэ бизнесийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга нь “CU франчайзингийн хөтөлбөр”. Мэдээж франчайзингийн хөтөлбөр нь харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэнэ.

Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд бид яавал манай франчайз эзэмшигч бага эрсдэл хүлээж, илүү ашиг олох боломжтой болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан, өөрсдийн бэлтгэл ажлаа хийлээ.

Өнөөдөр манай компани “CU” -ийн салбар дэлгүүрийг франчайз эрхээр эзэмшигчдийн үйл ажиллагааг дэмжиж, тэднийг амжилтад хүрэхэд нь тус болох чадвартай болсон гэж үзэж буй учраас франчайзинг хөтөлбөрөө зарлаж байгаа юм.

СU дэлгүүр 300 салбартай болоход бид 300 жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжинө гэсэн үг

– Дангаараа үйлчилгээгээ сайжруулж, хөгжүүлж болохгүй гэж үү ?

– Франчайзинг нь франчайзийн эрх хүлээн авах бизнес эрхлэгч болон манай компани аль алинд нь ашигтай.

Нэг талаас манайтай хамтарч буй бизнес эрхлэгч нь конвиниенс дэлгүүрийн бизнесийн дэлхийн тэргүүний туршлагаас суралцана, бидний бий болгосон дэд бүтцийг ашиглан өрсөлдөөний давуу талыг олж авна, тэр хэмжээгээр бизнесийн эрсдэл нь буурч, ашиг нь өснө. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн мэдлэг, өрсөлдөх чадвар, тогтвортой байдал өсөж, жижиглэнгийн худалдааны салбарын хөгжил төдий хэмжээгээр урагшилна.

Тухайлбал, СU дэлгүүр 300 салбартай болоход бид 300 жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжинө гэсэн үг.

Ер нь дэлхийн бусад орнуудад жижиг дунд бизнесийг хөгжүүлдэг хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь франчайзинг байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр бид нийгмийн хариуцлагаа тодорхой хэмжээнд хэрэгжүүлнэ гэж харж байна.

Нөгөө талаас өмнө дурдсанчлан манай компани шинээр салбар дэлгүүр нээх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, брэндийн үнэ цэнийг өсгөх, дэд бүтцээ төгөлдөршүүлэх ажлууд дээр гол анхаарлаа хандуулснаар “CU” брэндийн хөгжил илүү хурдсах боломжтой гэж харж байна. Энгийн үгээр бол манай компани бүх ажлыг ганцаараа хийх боломжгүй. Тийм учраас хамгийн сайн чадах зүйл дээрээ анхаарлаа хандуулаад, бусадтай харилцан ашигтай хамтран ажиллах нь илүү зөв сонголт гэж үзэж байна.

– Франчайз хөтөлбөрийн онцлог нь юу вэ. Тухайлбал, CU франчайзинг эрхийг авснаар тухайн бизнес эрхлэгч нарт ямар давуу тал бий болох вэ?

– Олон давуу тал, үнэ цэнийг бид франчайз эрх хүлээн авсан талд өгч байгаа.

Үүнээс дурдвал,

  • Бид зөвхөн нээгдээд үйл ажиллагаа нь тогтворжсон салбар дэлгүүрээ франчайзаар өгнө. Энэ нь франчайз гэрээгээр хүлээн авсан тухайн дэлгүүр аль хэдий нь үнэнч хэрэглэгчидтэй болсон байна гэсэн үг.
  • “CU” брэнд Монголд бүрэн танигдсан учраас үйлчлүүлэгчдийн итгэл, хүлээлт төдий хэмжээнд өндөр байгаа.
  • Конвиниенс дэлгүүрийн үйл ажиллагааг хэрхэн удирдаж, илүү борлуулалт, илүү ашиг олох тэргүүн туршлагыг бид та бүхэнтэй байнга хуваалцана. Үүнийгээ сургалтын төвөөр болон дэлгүүрийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан тогтмол өгнө.
  • “CU” -ийн түгээлтийн төвөөс өдөр бүр таны барааны захиалгыг нэгтгэн хүргэх тул та бараа бүтээгдэхүүний тасалдалд санаа зовох шаардлагагүй бөгөөд олон тооны нийлүүлэгчдийн барааны түгээлт өдөр бүр ирж таны үйл ажиллагаанд саад учруулахгүй
  • “CU” -ийн хоол үйлдвэрлэлийн төвийн чанартай, ялгарал бий болгох бүтээгдэхүүнийг өдөр бүр шинээр үйлдвэрлэж түгээнэ
  • Дэлхийн шилдэг жижиглэнгийн худалдааны брэндүүдийн ашигладаг мэдээлэл технологийн шийдэл, програм хангамжийг ашигласнаар дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага болон хэрэглэгчиддээ зориулсан төрөл бүрийн урамшуулал, гишүүнчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.

Эдгээр нь “СU”-ийн франчайз эрх хүлээн авсан бизнес эрхлэгчдэд өгч буй гол үнэ цэнэ юм.

– Олон давуу тал байгаа учраас олон хүн мэдээж сонирхох байх. Тэгвэл та бүхний зүгээс франчайзинг эрхийг олгохдоо тухайн бизнес эрхлэгчдэд ямар шалгуур тавих вэ?

– Манай франчайзинг хөтөлбөр нь “CU” конвиниенс дэлгүүрийг эзэмшиж, өөрөө удирдан, өөрийн хүч хөдөлмөрөө шингээж амжилтад хүрэх эрмэлзэлтэй, байнгын тогтмол орлогтой болох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Жижиглэнгийн худалдааны амжилт нь өдөр бүрийн нямбай гүйцэтгэлээс бий болдог тул бид өдөр тутам дэлгүүр дээрээ ажиллаж, үйлчлүүлэгчидтэйгээ тулж харилцах бизнес эрхлэгчийг хайж байгаа. Энэ бол хамгийн чухал шалгуур нь.

Мөн тодорхой хэмжээнд хүн удирдаж байсан туршлагатай, зохих түвшинд бизнесийн санхүүгийн анхан шатны мэдлэгтэй хүн байх ёстой.

Хамгийн сүүлд мэдээж тухайн бизнес эрхлэгчийн санхүүгийн эх үүсвэрийг харгалзана.

Ирэх ондоо багтаан нийт 100 орчим салбар дэлгүүрийг шалгарсан бизнес эрхлэгчдэд франчайз эрхээр дамжуулан эзэмшүүлэхээр төлөвлөөд байна

– Шалгаруулалт ямар процессын дагуу явагдах вэ?

– Сонгон шалгаруулалт 3 үе шаттай, эхлээд анхан шатны онлайн хүсэлтийг авна. Түүнээс шалгарсан бизнес эрхлэгчдийг бид урьж франчайзийн нөхцлийг танилцуулах бөгөөд мөн тухайн бизнес эрхлэгчийн талаарх илүү нарийвчилсан судалгааг хийнэ. Энэ шатанд “CU” брэндийн шаардлагыг хангаж байна гэж үзвэл франчайз эрх хүлээн авах гэрээ байгуулах санал өгнө.

Ирэх ондоо багтаан нийт 100 орчим салбар дэлгүүрийг шалгарсан бизнес эрхлэгчдэд франчайз эрхээр дамжуулан эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.

– Олон салбар учраас магадгүй ашиг, орлого нь өөр, өөр байх тийм үү. Үүнийг хэрхэн зохицуулах тухай тайлбарлахгүй юу ?

Дэлгүүр бүхний борлуулалт, ашигт ажиллагаа нь өөр тул бид франчайз эзэмшигч бүрийн эрсдлийг бууруулж, ашигтай ажиллах нөхцөлийг нэмэгдүүлсэн тусгай нөхцөлүүдийг санал болгоно. Тэгэхээр дэлгүүр болгон өөр нөхцөлтэй гэсэн үг.

Ингэснээр бизнес эрхлэгчийн ашигтай байх магадлал төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Мэдээж борлуулалт болон ашгийн өсөлт нь тухайн дэлгүүрийг эзэмшиж буй бизнес эрхлэгчийн хүчин чармайлт, менежментийн ур чадвараас үндсэндээ хамаарах болно.

Франчайзийн эрх хүлээн авах хүсэлтэй бизнес эрхлэгч нь гэрээ байгуулсан тохиолдолд франчайзийн эрхийн төлбөрийг нэг удаа төлөх бөгөөд цаашид борлуулалт, ахиуц ашгаас хамаарсан франчайзийн роялти төлбөрийг тогтмол төлөх нөхцөлтэй.

– Та 100 орчим салбар дэлгүүрийг бизнес эрхлэгчид франчайзинг эрхээр дамжуулан олгох тухай дурдсан. Одоогоор СU хэчнээн салбартай юм бэ. Мөн цаашид шинээр нээх салбаруудын байршлын тухай мэдээлэл өгч болох уу ? 

-Өнөөдөр бид Улаанбаатарт 55 гаруй салбар дэлгүүрээ нээсэн. Бид Улаанбаатарын хаана хамгийн олон хэрэглэгч байна, тэр газар “CU”-ийн салбараа нээж үйлчилгээгээ ойртуулахыг зорьдог. Дараагийн 3 жилд бид 300 салбар дэлгүүртэй болох зорилттой байгаа.

– Франчайзинг авах хүсэлтээ хэрхэн илгээх боломжтой вэ?

Хэрвээ бизнес эрхлэгчид манай CU конвиниенс дэлгүүрийг франчайз эрхээр эзэмших сонирхолтой байвал (ЭНД дарж) хүсэлтээ бидэнд хүргүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх