CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох албан ёсны зөвшөөрлөө өнгөрөгч 10-р сарын 13-ны өдөр СЗХ-оос авсан билээ. Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO хийж томоохон амжилтыг тогтоосон Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 12-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 83.9 хувь нь оролцож дараах үндсэн 4 асуудлыг хэлэлцэн баталлаа.
- Компанийн хэлбэрийг өөрчлөх
- Компанийн албан ёсны хаягийг өөрчлөх
- Компанийн дүрмийг батлах
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн албан ёсны бүртгэлийг https://hural.cumongol.mn тусгай вэб хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авч баталгаажуулж, хувьцаа эзэмшигчид урьдчилан хүлээн авсан нэвтрэх нэр, кодоор дээрх вэб хуудсанд нэвтэрч саналаа өглөө.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр Адилбиш овогтой Ганхуяг, Адилбиш овогтой Ганболд, Гансүх овогтой Бат-Эрдэнэ, Очирбат овогтой Батмөнх, Ганзориг овогтой Чинзориг, Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ нар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр Равжин овогтой Ганболд, Чулуун овогтой Мэргэн, Гари Стивен Биондо (Gary Stephen Biondo) нар сонгогдлоо.
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК
Хурал зохион байгуулах комисс