Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь 2022 оны 2-р улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. 2-р улирлын санхүү, үйл ажиллагааны гол үр дүнгүүдийг дурьдвал:
- Компанийн цэвэр орлого өмнөх оны 2-р улиралтай харьцуулахад 240%-иар өсч 69.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь төлөвлөгөөнөөс 26.7%-иар давсан үзүүлэлт юм. Энэ оны 1-р улиралд цэвэр орлого 41.6 тэрбум төгрөг байжээ. 1, 2-р улирлыг нэгтгэвэл эхний хагас жилд Компанийн цэвэр орлого 111.2 тэрбум төгрөгт хүрч байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 248%-иар өндөр байна.
- Компанийн нийт ашиг буюу нийт салбар дэлгүүрийн ашигт ажиллагаа нь 2022 оны 2-р улиралд 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш анх удаа улирлын нэгдсэн дүнгээр эерэг ашигтай гарсан үзүүлэлт болжээ. Компанийн нийт ашиг нь өнгөрсөн 1-р улиралд (-1) тэрбум төгрөг байсан юм.
- Нийт ашгаас Ерөнхий, удирдлага, санхүүжилтын зардал зэргийг хасч тооцогддог Компанийн цэвэр алдагдал нь 2022 оны 2-р улиралд 1.3 тэрбум төгрөг байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 4.5 тэрбум төгрөгөөр сайжирсан байна. Ингэснээр эхний хагас жилийн цэвэр алдагдал нь 7.1 тэрбум байгаа нь уг хагас жилийн санхүүгийн төлөвлөгөөнөөс 1.9 тэрбум төгрөгөөр бага гарчээ.
- Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 18%-иар өсч 150.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- Компанийн нийт ажиллагсдын тоо 2022 оны 2-р улирлын эцэст 2800+ хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 133%-иар өссөн байна.
- Салбар дэлгүүрийн тоо 2022 оны 2-р улирлын эцэст 228-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101-ээр нэмэгдсэн байна.
Уг танилцуулгын үеэр Компани нь өнгөрсөн оны эцэст IPO хийж олон нийтээс татан төвлөрүүлсэн 28.5 тэрбум төгрөгийн цэвэр санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж буй бөгөөд 2022 оны 2-р улирлын эцсийн байдлаар 27 тэрбум төгрөгийг зарцуулсан тухай танилцууллаа. Өнгөрсөн 6-р сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос Компанид хяналт, шалгалт хийгдсэн бөгөөд шалгалтын үр дүнгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт зөрчилгүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа гэсэн дүгнэлт гарсныг Гүйцэтгэх захирал Г.Чинзориг онцолжээ.
Компани нь бизнесийн тэлэлт, үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Үнэт цаасны танилцуулгад тусгагдсаны дагуу 10 тэрбум төгрөгийн урт хугацаат хөрөнгө оруулалтын зээл (жилийн хүү 15.76%), логистикийн хүндрэл, бараа материалын тасалдлыг бууруулах зорилгоор 3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл (жилийн хүү 12%) болон импортын бараа материалын татан авалттай холбоотой 2 тэрбум төгрөгийн гадаад худалдааны санхүүжилт (жилийн хүү 4%)-ийг татан төвлөрүүлэх гэрээнүүдийг Голомт Банк ХХК-тай амжилттай байгуулсныг Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Санхүүгийн газрын захирал С.Дашдорж нар дурьдлаа.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь олон нийтийн компани болсноос хойш үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ улирал тутамд олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд 2022 оны 3-р улирлын үр дүнгийн танилцуулгыг 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна.
Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.