Skip links

CU брэнд хүүхэд хамгааллын “CU ЧАМД ТУСАЛЪЯ” төслийг хэрэгжүүлнэ

CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ өдрийг угтан  “СИ ЮҮ ЧАМД ТУСАЛЪЯ”  төслийг санаачлан хэрэгжүүлэхээр Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтын ажиллагааны төлөвлөгөөнд албан ёсны гарын үсэг зурлаа.

Уг төслийн зорилго нь бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлэх, төөрсөн хүүхдийг аюулгүй байлгах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд CU конвиниенс дэлгүүр Улаанбаатар хот дах 120 салбар дэлгүүрээр дамжуулан тусламж үзүүлэх, дэлгүүрийн дотоод мэдээллийн сүлжээгээр дамжуулан бүх салбарт төөрсөн хүүхдийн мэдээллийг хүргэх, харьяа дүүргийн цагдаагийн газартай шуурхай холбогдож мэдээллийг хүргүүлэн, хүүхдийг гэр бүлд нь аюулгүй хүлээлгэн өгөхөд оршиж байна.

Жил бүр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 1,200 гаруй хүүхэд төөрч алга болсон талаар дуудлага ирдэг. Мөн баярын өдрүүдэд хүүхэд төөрөх асуудал эрс нэмэгддэг бөгөөд хүүхэд төөрсөн үедээ айж сандран яахаа мэдэхгүй будлидаг байна. Нийгмийн сүлжээнд төөрсөн хүүхдийн мэдээллийг тавьж олон нийтийг олохыг уриалдаг тохиолдол цөөнгүй ажиглагддаг бөгөөд эдгээр асуудлаас үүдэн CU брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг ийнхүү нэвтрүүллээ.

“CU чамд тусалъя” төслийг бага насны хүүхдүүдэд сурталчлан таниулах зорилгоор Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий сонирхолтой буддаг комик номыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд номын гол дүр болох Халиунаа охины заавар зөвлөмжтэй байх юм.

Уг комик номыг эцэг эхтэйгээ хамтдаа уншиж будангаа эцэг эхийнхээ хараа хяналтаас холдож болохгүйг анхааруулахаас гадна хэрэв төөрсөн тохиолдолд айж сандралгүй ойр байрлах CU-д ирэхэд аюулгүй угтан авч ав ээжид нь хүлээлгэн өгч тусална гэсэн санааг агуулсан байна.

Тус комик цуврал номыг CU брэнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан CU-ээр үйлчлүүлсэн хүүхэд бүрд бэлэглэхээр болжээ.

Хүүхэд хамгааллын уг төсөл нь цаашлаад хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд анхны тусламжийг үзүүлэх, заавар зөвлөмжийг олгох зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх